Thursday, May 13, 2010

Бусдад туслахад учир бий.

Хэн нэгэн ядарсан зовсонд туслана гэдэг үнэхээр бахархууштай сайн зүйл мөн боловч үүнийг бас болгоомжтой зөв хийх нь Бурханы мэргэн ухаан гэж боддог. Нэгэн үе \ 90 - ээд оны эхэн үе \ Монголчууд бараг л бүгд ядарч зовж туйлдаж байхад Христитгэлтэнгүүдийн өгсөн тусламж дэмжлэг болох гурил будаа, хувцас хунар, гэр байшин гээд л олон зүйлс тухайн үеийн хүмүүст Бурханы ямар агуу өгөөмөр басхүү "хайрын" болохыг харуулж чадаж байсан гэж бодож байна. Харин энэхүү цаг үед арай өөр болж ихэнх хүмүүс ажиллах хөдөлмөрлөх амьдрах арга барилаа олж, бас ч гэж хийж хөдөлмөрлөж чадвал амьдралаа өөд нь татчих боломж нөхцөл бага ч болов нэмэгдсэн байгаа. Тэр үед хэнд ч хамаагүй туслахад энэ нь тусламж дэмжлэг нөгөө талаар Бурханы хайрыг харуулах гэрчлэл болж чадаж байсан билээ. Харин өдгөө чухамхүү л хэнд өгөх хэнд туслахаа сайн бодож олж харж өгдөг болох шаардлагатай болжээ. Учир нь бид ийнхүү хүмүүст туслаж Бурханы хайрыг хуваалцаж буй боловч тухайн хүний хөдөлмөрлөх басхүү амьдрах хүсэл эрмэлзлийг үгүй хийж зүгээр нэг ургамалан хүн болгоод байгаа ч юм шиг. Өнөө цаг үед бид хүмүүст шууд гурил будаа, хувцас хунар, гэр байшин өгөхөөс илүүгээр тэр бүгдийг хэрхэн яаж цогцлоон барьж байгуулах олж бий болгох арга ухаануудад сургах нь үнэхээр Бурханы мэргэн ухаан гэж бодном. Нөгөөтэйгүүр бидний энэхүү сайхан сэтгэлийг өөрсдийн амьдралын "шидэт дохиур" болгосон хүмүүс олширсныг энд нуух юун. Христийнхэнтэй сайн " ходий" байвал гэдэс цатгалан мөр бүтэн байгаад зогсохгүй " аз " нь таарвал саятан болох сугалаа ч хожиж мэднэ гэсэн бодолтой хүмүүс биднийг тойрон эргэлдэж Эзэнд хайртайгаа харуулах гэж ядуу байхын дээд туйлыг харуулж басхүү самсаа шархируулж сэтгэлийн учиг хөндөнө. Энд бид өөрсдөө буруутай ядуу хүний эмзэг сэтгэлд "Баяжихийн теолого" зааж амьдрах хүсэл тэмүүлэлд биш арчаагүй байхын хүсэл эрмэлзэлд хөтлөсөн нь бид нар өөрсдөө шүү дээ. Тиймээ цуглаанд явбал энэ мэтээр ивээгдэнэ.Цуглаанд явбал та хэзээ ч өвдөж зовохгүй Эзэн эдгээнэ. Бидний Бурхан аав баян болохоор цуглаанд явсан хүмүүс баян болно гэх мэт библид байхгүй теолого гаргаж ирээд хүмүүсийг төөрөлдүүлсэн болохоор одоо бид эргээд энэ эргүүлэгтээ татагдах аж. Мэдээж хүний амьдрал сайнтай муутай өнгөтэй хартай янз бүр л байна. Яг л шууд тусламж шаардлагтай нэгэнд нь \ үхэл хагацал, асран хамгаалах хүнгүй өнчин хүүхэд ба настай хүн гэх мэт \ мөнгө төгрөг гурил будаа хувцас хунараа өгөөд өөр бусдаар бол хөдөлмөр эрхлэхэд дэмжиж туслах, бизнесийн арга ухаан заах, бизнесээ эхлэхэд хөрөнгө оруулах, мэргэжил боловсрол олоход нь туслах зэргээр бусдад туслах нь сайн гэж бодож байна. Тэгэж байж л бид өнөөгийн энэ цаг үед Бурханы хайрыг харуулж Түүний ямар их нигүүлсэнгүй басхүү мэргэн болохыг нийгэмдээ гэрчилж чадна гэж бодож байна. Мөн бид христийн сүм чуулган бол дан ядуучууд ажилгүй арчаагүй хүмүүс цугладаг гэсэн нэрнээс салж Бурханыхаа нэрийг ийм зүйлээс салгаж өндөрт өргөх буй заа хэмээн сэтгэх юм. Бусдад туслах нь сайн басхүү Бурханы тушаал боловч түүнийг ямархуу байдлаар яаж хийх вэ гэдэг нь Бурханы мэргэн ухааныг харуулж гэрчлэх бас нэгэн сэжим гэж би боддог.

No comments:

Post a Comment