1990 оны эхэн үеээс Монголд хэд хэдэн гадаад нөхдүүд орж ирж анх Есүс Христийн тухай ярьж эхэлсэнээс хойш өдгөө 20 жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд бас ч үгүй олон Монголчууд тэрхүү Есүс христэд итгэж өөрсдийн гэсэн итгэл үнэмшилийн дагуу цуглацгаах болсон нь эдүгээ "Христийнхэн" "гадаадын шашин шүтсэн тэнэгүүд" гэх мэтчилэн олон олон ярианы бай болж байдаг болжээ. Энэ бол ардчилсан үзэлтэй улс оронд бол хэвийн л үзэгдэл байх. Харин Монголд бол "гаж" үзэгдэл мэт үзэгдсээр байна. Анхны хэдэн хүн христэд итгэснийхээ төлөө тухайн үеийн албан тушаалтануудын өрөөнд дуудагдаж очин зодож цохиулах хараалгаж зүхүүлэх гээд л олон бэрхшээлийг туулсан ч энэ итгэл үнэмшилээ орхиогүй юм. Тийм ч учраас тэднээс эхэлсэн энэ их хөдөлгөөн өнөөдөр хүн амын 0,2 хувь орчимд хүрч нөлөөлсөн байх. Гэхдээ энд би түүх ч юм уу зовлон жаргал ярихаасаа илүү тэрхүү хүмүүс чухам яагаад тэрхүү Есүст итгэдэг болон яагаад өдий хүртэл загнуулж зүхүүлээд яваад байдгийн нууцаас л хуваалцахыг хүслээ.
Христэд итгэгчидийн гол баримтлал буюу итгэл үнэмшилийн гол тулгуур нь гэмт зан чанартай хүн төрөлхтөн өөрсдийн бүтээсэн Эзэн буюу "Ертөнцийн Эзэн" - ээс нүүр буруулсан ч "Ертөнцийн Эзэн" буюу Бурхан тэдний төлөө өөрийн цор ганц хүү Есүс Христийг энэ дэлхийд хүн болгон төрүүлж тэрхүү гэмт чанарт хүмүүсийн өмнөөс модон загалмай дээр цовдлуулан алуулсанаар одоо харин хүмүүс өөрсдийн гэмт чанартай гэдгээ хүлээн зөвшөөрч өөрийнх нь бүх гэм нүглийн өмнөөс Есүс Христ загалмайд цовдлогдсон гэдэгт итгэн хүлээн авах юм бол мөнхийн амь буюу диваажинд орох боломжтой болсон гэж үздэг ийм л хүмүүс.
Гэхдээ аливаа зүйл эхэндээ тийм ч төгс төгөлдөр байдаггүйн жишээгээр анхны үеийн Христэд итгэгчид ойлгож мэдсэн зүйл багатай, Эзэндээ итгэх халуун сэтгэл ихтэйн харгайгаар нийгэмд өгсөн буруу ойлголтууд байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Энэ нь өнөөгийн Христэд итгэгч Монголчуудыг нийгэм харж байгаа харааны яг гол цөм нь болдог.
"Христэд итгэгчид бол амиа хорлогсод" "Гадныханыг утга учиргүйгээр даган дуурайгсад" "Шал тэнэг мэдрэл муутай, ядуу дорой бүлгийн цугларалт" "Гурил будаа, хувцас хунараар хүмүүсийн толгойг эргүүлдэг" гэх мэтчилэн бодож, ярьж, бичдэг.
Харин цаг цагаараа байдаггүй цахидаг хөхөөрөө байдаггүй гэдэгчилэн Христэд итгэгчид өөрсдөө юм юмыг ойлгодог болж бас ч үгүй өсөж хөгжиж байгаа гэж харж байна. Тиймийн учир нийгэм маань басхүү тэднийг харах хараа бодох бодлоо эргэн нэг харж хэлж, ярихдаа, бичихдээ анхаарах цаг болсон гэж бодож байна.


No comments:
Post a Comment